Сүүлийн үед том хүн гэхээсээ илүү хүүхдүүд спортоор хичээллэх нь ихэссэн. Олимпын аваргатай болоод ч тэгсэн үү, эрүүл саруул чийрэг болгох гэж тэгсэн үү, эцэг эхчүүд хүүдээ багаас нь спортын хүн болгохыг зорих болжээ. Тэгвэл жүдо гэгч спортын талаар Жүдо академийн багш, ахлах дасгалжуулагч  Г.Бат-Эрдэнэтэй бэлтгэлийнх нь үеэр товчхон ярилцсанаа хүргэе.

Жүдо академийн зорилгыг тайлбарлана уу?

-Тус академи нь хүүхдийг зөв хүмүүжилтэй, бусдыг хүндэтгэдэг, худлаа хэлдэггүй болгох, эрүүл чийрэг бие бялдартай иргэн болгоход гол анхаарлаа хандуулдаг. Үүний гол үндэс нь жүдо бөхийн спорт бөгөөд үүнд үндэслэн бэлтгэл, сургуулилтаа хийлгэдэг. Үүний зэрэгцээ тив дэлхийн аваргуудыг энэ  татамийгаас төрүүлэх зорилготойгоор МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар 2008 онд анх байгуулагдсан.

Жүдо академийн багшлах  боловсон хүчний талаар танилцуулна уу?

 -Одоогоор  манай академи нь  зохион байгуулалтын хувьд үндсэн болон гурван салбараар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд   орон тооны хувьд Жүдо академи болон “ Тэмүүлэл”, “Мөнхийн үсэг”, “Хууль сахиулахын их сургуулийн дэргэдэх  салбар”-т нийт  арван багшийн удирдлагаар  400 гаруй хүүхэд сард 50000 төгрөгийн төлбөртэйгээр суралцдаг. Хүүхдүүд долоо хоногт дөрвөн удаа бэлтгэл хийдэг бөгөөд нэг удаагийн бэлтгэл нь хоёр цаг гучин минут орчим үргэлжилдэг. Багшлах боловсон хүчний хувьд Япон Улсаас ирсэн  Юүки Такахаши болон улсын аврага, олон улсын тэмцээнээс медаль авч байсан багш нараас бүрдсэн туршлагатай хамт олон ажиллаж байна.

Жүдо бөхөөр хичээллэх нь бөхийн бусад төрлүүдээс ялангуяа  тулааны спортоос ялгаатай талыг хэлнэ үү?

-Мэдээж бөхийн төрлүүд өөр өөрийн онцлог ялгагдах чанартай байдаг. Жүдо бөхийн  дараах давуу талыг онцолж болно.

Нэгдүдгээрт, энэ спортоор хичээллэж байгаа хүүхдүүд “бусдыг хүндлэх” ёс суртахуунд давхар суралцдаг. Хоёрдугаарт аливаад хандах хандлага нь уужуу, эмх цэгцтэй  дараалалтай сэтгэх бололцоог олгодог. Нэг мэхийг хийхийн тулд харилцан хамаарал бүхий дөрвөөс таван үйлдлийг хийхэд сургаж байна. Жишээ нь, хүүхэд бүр жүдоги буюу өмсгөлөө хэрхэн ёс журмын дагуу энгэрийг нь зөв зөрүүлж өмсөх, бүсээ яаж зөв бүслэх, бэлтгэлийн дараа өмсгөлөө эвхэж цүнхлэхээс эхлээд бэлтгэлийн явцад багш дасгалжуулагчтайгаа харилцах харилцаанд анхаарах зүйлүүдийг сургаж хүмүүжүүлдэг.

Жүдо дэлхийн ихэнх улсуудад жигд хөгжиж байна. Франц л гэхэд гурван сая хүн энэ спортоор хичээллэж байх жишээтэй.

Хүүхдэд хувцасаа эвхэж сургах нь энгийн боловч хүүхдийн хүмүүжилд ихээхэн эерэг нөлөөтэй байх ?

-Бэлтгэлийн дараа манай хүүхдүүд жүдогийнхоо ёс журмын дагуу дөрвөлжлөн цэмбийтэл эвхээд цүнхэлж байхыг харахад бахархах сэтгэл төрдөг. Аливаа зүйл энгийн зүйлээс л эхэлдэг шүү дээ. Эцэг, эхчүүд хувцасаа эвх гэж дандаа хэлдэг боловч яаж эвхэх вэ гэдгийг зааж өгдөггүй юм шиг санагддаг.

Үнэхээр зөв сэдвийг хөндлөө. Хүүхдийн хүмүүжил гэдэг амьдралынх нь  үндсэн суурь гэдэг?

-Тиймээ олон хүүхдүүд гэр бүлийн хүмүүжлээрээ олж авч чадахгүй зүйлийг хоёр дахь гэр бүл болох жүдогоос авдаг шүү. Эцэг эхчүүд бид тэр бүр хүүхдүүдтэйгээ байнга цаг зарцуулж чадахгүй завгүй хөдөлмөрлөж байна шүү дээ. Энэ хийдлийг л спорт арилгаж байна. Энд л жүдогийн гайхамшиг оршдог гэж манай олимп дэлхийн аваргууд хэлдэг.

Ийнхүү ярилцсаны дараа толгой бөхийн ёслоод татамийн зүг бэлтгэлдээ яаран алхав.

Бэлтгэлийн завсарлагаанаар тус академид жүдо бөхөөр хичээллэгч охин Энхжин болон түүний аавтай уулзаж ярилцлаа. 

Хэдэн жил энэ спортоор хичээллэж байна вэ?

-Би нэг жил гаруй жүдо бөхөөр хичээллэж байна. Жүдогоор хичээллэхэд гоё байдаг.

Академид хичээллэснээр их зүйлийг сурч байна уу ?

-Академид орсноор бусадтай харьцахдаа хүндэтгэлтэй харьцдаг болсон, бас бусдын үгийг сонсож сурсан. Тэсвэр тэвчээр хатуужилтай болдог. Мөн олон сайхан найз нөхөдтэй болдог бөхийн олон төрлийн мэхийг хийж сурсан.

Бэлтгэл хичээл гээд зав хэр гардаг вэ?

-Долоо хоногт гурваас дөрвөн удаа бэлтгэл хийдэг болохоор зав бага гардаг. Заримдаа тоглох ч завгүй болдог. Гэхдээ тоглох чухал бишээ.

Тэгээд юу чухал вэ?

-Шинэ зүйлийг мэдэж авах, шинэ мэх сурах л гоё доо.

Ямар амжилт гаргаж байв ?

-Дүүргийн аврага шалгаруулах тэмцээнээс алтан медаль, Кураш бөхийн улсын аврага шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, академийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль  авсан.

Үе тэнгийнхэндээ юу гэж хэлмээр байна ?

-Үе тэнгийнхэндээ цагийг зөв зүйлд зарцуулж спортоор хичээллээрэй гэж уриалж байна. Академийн багш нартаа болон Тэнгис багшдаа баярлалаа. Хүүхдийн хичээнгүй, гэгээхэн ертөнцийг ийнхүү багаас нь нээж, хөгжүүлж яваа эцэг эхчүүд л тэдний хамгийн сайн ар тал байдаг. Энхжингийн аав охиныхоо сонирхлын талаар ийнхүү ярилаа.

“Академийн багш нар мэдлэг чадвартай хүүхэдтэй зөв харьцдаг. Охин маань жүдогоор хичээллээд нэг жил болж байна. Өнгөрсөн хугацаанд ангийхан болон үе тэнгийнхэнтэйгээ харьцуулахад бие бялдарын хувьд эрс өөрчлөгдсөн. Өвөл ханиад хүрдэггүй, хүрсэн ч хөнгөн хүрч амархан эдгэрэх жишээтэй. Хүмүүстэй хүндэтгэлтэй харьцах, хувцас хунараа эмх цэгцтэй хураах, ухаалаг утсаар тоглохоосоо илүү бэлтгэлдээ анхаардаг гэх мэт спортоос гадна хүмүүжлийн нэлээд  эерэг өөрчлөлтүүд гарсан. Өөрийн бахархан  дууриах тамирчинтай болсон.Хөдөлмөрийн баатар Д.Сумьяа эгч шигээ олимп, дэлхийн аврага болно гэж ярьдаг. Миний охин жүдо академийн суралцагсдын баримтлах таван зарчмыг өдөр тутамдаа байнга баримталдаг” хэмээн бахархангуй хэлсэн юм.

Өнөөөдөр эх үрсийн баярыг тохиолдуулан бяцхан хүүхдүүдэд бэлэг барихаар Жүдо академийн суралцагсад үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбайд үзүүлэх тоглолт хийх юм. Та бүхэн үзүүлэх тоглолтоос ирээдүйн тив дэлхийн аваргуудыг харах болно.

 

М.БАТТОГТОХ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.