Энэ жилийн ширээний теннисний хамгийн том үйл явдал бол Герман улсын Дюссельдорф хотноо 5.29 нд эхэлсэн Дэлхийн аваргын тэмцээн билээ. Энэхүү тэмцээнд ширээний теннисний багш дасгалжуулагч, сонирхогчдын анхаарлыг хамгийн ихээр татаж буй тамирчин бол Япон улсын тамирчин 17 настай Хирано Миу юм. Тэрээр 2016 оны АНУ-ын Филаделпи хотод болсон эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд дөнгөж 16-хан насандаа түрүүлж хамгийн залуу дэлхийн цомын аварга тамирчин болсон юм. Гэвч түүнийг хамгийн залуу аварга боллоо гэж л дэлхий нийтээрээ харж байснаас биш түүний аварга гэх цолыг тийм ч их сүр дуулиантайгаар хүлээж аваагүй юм. Учир нь эдүгээ цагт Дэлхийд ноёрхож буй Хятадын эмэгтэй тамирчид 2016 оны дэлхийн цомын тэмцээнд оролцоогүйгээс түүнийг Хятадуудын эзгүйд түрүүллээ гэх нь холгүй байсан юм. Уг тэмцээний дараахан Хятадууд түүний дэлхийн цомын аварга хэмээх эрхэм цолыг нь тоож урьсан уу эсвэл бид нарын эзгүйд түрүүлчихсэн хүн одоо бидний дунд орж тоглож өөрийнхөө чадлыг харуулах ёстой гэсэн байдлаар урьсан уу, ямартай ч тэрээр Хятадын супер лигийн тэмцээнд уригдаж Ордос багт орж тоглосон юм. Энэ лигийн тэмцээнд Хирано миугийн амжилт тийм ч сайн байгаагүй бөгөөд хувийн тоглолтын хожигдлын тоо хожлын тооноос хамаагүй их байсан юм. Харин 2017 оны Хятадын Вуши хотод болсон Азийн аварга шалгаруулах тэхцээнд биширмээр амжилт гарган 1/8 шигшээд дэлхийн чансааг тэргүүлж буй Дин нин-ийг 2 үе хожигдож яваад барьж хожсон бол хагас шигшээ болон финалын тоглолтонд Жү Юүлин болон Чен мэн нарыг ганц ч үе алдалгүйгээр хожиж дэлхий нийтэд шуугиан тарьсан юм. Азийн аваргын дараа Хятадын алдарт Дасгалжуулагч Лиү Гуолиан Хирано Миугийн талаар өөрийн сэтгэгдлээ хэлэхдээ “Хирано Миугийн ур чадвар бидний төсөөлж байснаас хамаагүй илүү байлаа. Манай 3 тамирчныг дараалан ялсан нь тохиолдлын хэрэг биш, түүнийг биднээс илүү чадвартай байгааг харуулж байна.

Бид эмэгтэй тамирчдаа эрэгтэй тамирчдынхаа түвшинд хүргэх гээд амжилт олохгүй байгаа учраас Хирано Миуд биднийг хожих боломж байсаар байсан байна. Тэр одоо дөнгөж 17 хон настай түүнд өсөх боломж хангалттай бий, бидэнд ч гэсэн бий. Түүнээс гадна Хирано Миугийн хувийн дасгалжуулагч нь Хятад, супер лигт тоглоход нь бас Хятад дасгалжуулагч байсан, тэр бол Хятадуудын гаргаж ирсэн хүн гэсэн үг, тиймээс бид хожигдолдоо сандралдах хэрэггүй энэ уналтаасаа гарахын тулд бэлтгэлээ улам чанаржуулах хэрэгтэй” гэж хэлжээ. Мөн Хирано Миугийн хятадын супер лигт тоглох үедээ өгсөн ярилцлага нь үнэхээр сонирхол татмаар. Тэрээр сэтгүүлчийн “Хятадын супер лигт тоглох нь Японд тоглохоос ямар ялгаатай байна вэ” гэсэнд Супер лигийн тэмцээний шийдвэрлэх үеийн хожлын оноо нь 7 учраас түүнд дасч өгөхгүй коонтор гараад хожигдоод байна. Мөн хятадуудын бэлтгэл маш эрчимтэй, нарийн төлөвлөгөө хуваарьтай богино хугацаагаар хийдэг бол Японд удаан хугацаагаар илүү чөлөөтэй бэлтгэл хийдэг гэсэн байна. Хятадын аль тоглогчид илүү хүчтэй вэ? гэж асуусанд Дин нин болон Чен мэн-ийг онцлоод тэдний 3 дахь бөмбөгний довтолгоо маш хүчтэй, минийх эсрэгээрээ сул учраас хожигдсон гээд, лигийн тэмцээнд Хятадын шилдэг тоглогчдыг хожихыг үнэхээр хүсч байна. Цаашид бэлтгэлээ илүү сайн хийж тоглолтын ур чадвараа сайжруулаад Хятад тамирчдыг олон улсын тэмцээнд хожих нь миний ойрын зорилго гэж ярьжээ. Түүний ярилцлагаас үзвэл супер лигт тоглохдоо үзээд үзээд бараагүй тамирчнаа азийн аваргад хожсон нь богино хугацаанд тоглолтын урч чадвар, тактик, сэтгэл зүй гээд хожилд хүргэх бүх л чадвараа сайжруулсан байгаа нь түүний ямар их чадвартайг харууллаа. Тэрээр энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнд богино хугацааны зорилгоо Азийн аваргад биелүүлсэн учраас түүнээс илүү том зорилготой ирсэн буй бизээ. Харин Хятадын эмэгтэй тамирчид хожигдсон алдаан дээрээ судалгаа хийн бэлтгэлээ хангалттай сайн базааж Хирано Миуд зориулсан тусгай тактиктай ирэх нь дамжиггүй бол Хирано Миу хожсон хүнээ дахин хожих нүүдлийн цаадах нүүдлийг олоод түүнийгээ амжилттай хэрэгжүүлэхийн төлөө хамаг бүхнээ дайчлан өрсөлдөхөөс аргагүй билээ. Ямартай ч Хирано Миу анхны дэлхийн аваргын хүрэл медаль авч Япон улсын ширээний теннисны ирээдүйг тодорхойллоо.

Н.Алтайбаатар

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.