Аваргуудын Лигт Реал Мадрид гурав дараалан түрүүлж, нэгэн дээд рекордын эзэн болов. Тэд финалд үлдэх багийн тоонд огт нэрлэгдээгүй Ливерпүүлийг 3:1-дсэн. Тоглолтын эцсийн дүн 3:1 гэж дууссан ч, тоглолтын эхний үеийн чанар нь огт өөр байсныг мэргэжилтнүүд онцолж байна.

Салах тэргүүтэй, Мане, Ферминогийн гурвал Реалын хамгаалалтыг сэтэлж, гоол хийх боломжийг тасралтгүй эрэлхийлсэн. Салах бэртэл авч, тоглолтыг орхиогүй бол юу болох байсныг тааж хэлэхэд бэрх. Ямар ч л гэсэн Салах, Мане, Фермино нар айлын талбайг илүү эзэгнэж, эхний 30 минутанд Реал биш Ливерпүүл давамгайлсан. Харамсалтай нь үзүүштэй, өрсөлдөөн амласан энэ тоглолтын өрнөл нь 30 дахь минутаас хойш уруудах учиртай байж. Ээлжит довтолгоо. Дамжуулалт. Дээгүүр дамжуулсан бөмбөгийг Реалын талбайд булаацалдан унах мөчид Салахын зүүн гарыг сугандаа хавчуулан Серхио Рамос үений нь эсрэг дарж унаснаар Салах бэртэл авч, тоглолтыг нүд дүүрэн нулимстай орхилоо. Түүний мөр мултарсан уу, зөөлөн эд нь гэмтсэн үү? ямар ч гэсэн тоглолтоо үргэлжлүүлэх боломжгүй болсон.

Хэдийгээр 1-р үе 0:0-ээр өндөрлөсөн ч, тоглолтын хувь заяа Салах тоглолтыг орхих тэр мөчид л шийдэгдсэн. Нэгдүгээр үед Ливерпүүлийн довтолгоо тийнхүү нурсан бол, хоёрдугаар үед Ливерпүүлийн хаалгачын алдаа багийг сүйрүүлсэн. Түүний өршөөж болохгүй хоёр алдаа Ливерпүүлийн эцсийн найдварыг тас цохисон. 3 гоол алдсаны хоёрыг нь Хариус өөртөө хийсэн гэж болно. Хоёрдугаар үеийн эхэнд Хариусын тун хайхрамжгүй шидсэн бөмбөгөнд хөл тавьж чадсанаар Бензема эхний гоолыг оруулчихав.

Гуравдахийг нь, Бэйлийн 40 орчим метрийн зайнаас цохисон бөмбөгийг шууд барьж авах гэж оролдохдоо хальт хаагаад мөн хаалгандаа алдчихав. Ийм л байдлаар 2 гоол бэлэглэсэн нь тоглолтын хувь заяаг нэгмөсөн шийдчихэв. Салахын хувьд удахгүй эхлэх ДАШТ-д оролцож чадах эсэх нь эргэлзээ дагуулж, египчүүдийн санааг зовоож эхлэв. Аваргуудын Лигийн финал нь Ливерпүүлийн гол довтлогч Салах, гол хамгаалагч Чамберленийг алдсан гарз учруулсан тоглолт боллоо.

 

 

Д.БАТЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.