Чөлөөт бөхийн “Монголиа Опен” олон улсын тэмцээн энэ амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо. Найм дахь удаагийн тэмцээнд Монгол, Австрали, Казахстан, БНХАУ, БНСУ, Беларусь, АНУ, Пуэрто-Рико, ОХУ-ын Тува, Якут, Эрхүү, Буриадаас нийт 225 тамирчин, эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв. Энэ жилийн тэмцээнээс эхлэн эмэгтэйчүүдийн дэлхийн чансааны оноо олгох статустай болсноос гадна “Жакарта-2018” Азийн зуны спортын наадамд оролцох баг тамирчдаа сонгох ач холбогдол өгснөөрөө онцлог боллоо.

Найм дахь удаагийн тэмцээнд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ний хошой алт, нэг мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ДАШТ-ний алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд, 2017 оны дэлхийн аварга П.Орхон, ДАШТ-ний гурван хүрэл медальт О.Насанбурмаа, ДАШТ-ний хошой хүрэл медальт Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, ДАШТ-ий мөнгөн медальт П.Өнөрбат, Б.Номин гавьяатууд, ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяа, залуучуудын дэлхийн аварга А.Батцэцэг, Э.Даваачимэг гээд Монголын чөлөөт бөхийн бүхий л шилдгүүдээс гадна “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Эльмира Сыздыкова (Казахстан), ДАШТ-ий гурван мөнгөн медальт Ирина Ологонова, Европын наадмын аварга Александр Богомоев, Европын аварга Валерия Чепсарокова, ЕАШТ-ий хүрэл медальт Юлья Пронцевич (бүгд ОХУ), Азийн аварга Нурислам Санаев (Казахстан) тэргүүтэй олон шилдэг хүчитнүүд Улаанбаатарын дэвжээнд зодоглолоо. Сүүлийн өдөр гал гарсан сонирхолтой барилдаан олноор гарсан.

Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхон нар нэг хэсэгт багтсан нь чөлөөт бөхийн хорхойтнуудын анхаарлын төвд байсан гэхэд хилсдэхгүй. Хэсгийн барилдаанд С.Батцэцэг оноогоор цэвэр (11:0) ялсан. Тэд хагас шигшээд өрсөлдөгчөө ялснаар алтан медалийн төлөөх барилдаанд дахин учраа таарсан. Харин алтан медалийн төлөөх барилдаанд П.Орхон даагаа амжилттай нэхэж, хүчтэй өрсөлдөгчөө цэвэр ялснаар өнгөрсөн жилээс хойш тэдний ялалтын харьцаа 5:1 болж байна.

57 кг-ын жингийн шигшээ барилдаанд үрийн зулай үнэрлээд дэвжээндээ эргэн ирээд удаагүй буй, ДАШТ-ний алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд, өсвөр үе, залуучууд, “U-23” ангиллын ДАШТ-ний медальт ОУХМ А.Батцэцэг нарын дуэль “Буянт-Ухаа” спортын ордонд хуран цугласан үзэгчдийг өндөлзүүлсэн өрсөлдөөнтэй болсон. Тус барилдаанд С.Цэрэнчимэд гавьяат цаг дуусахаас 20 гаруй секундын өмнө хоёр оноо авч, эцсийн үр дүнд 4:4-өөр ялалт байгуулсан.

Өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн таван жингийн нэгд нь манай бүсгүйчүүд гадныханд түрүүгээ алдав. Хамгийн хүнд жин буюу 76 кг-ын жинд ДАШТ-ний гурван хүрэл медальт, 2015 оны Азийн аварга О.Насанбурмаа “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Казахстаны Эльмира Сыздыковад 5:6-гаар ялагдсан. О.Насанбурмаа гавьяат ийнхүү казах бүсгүйд дөрвөн жил дараалан дөрөв дэх удаагаа ялагдаад байна. Сыздыкова манай бөхийг 2015 оны “Монголиа Опен”-д, 2016 онд Риогийн олимпийн наадамд, 2017 онд Парисын ДАШТ-д ялаад байсан юм. “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат 79 кг-д анх удаа зодоглож шинэ жиндээ торолгүй түрүүллээ.

Эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин 125 кг-д Буриадын Балдан Цыжипов манай хүнд жингийн шилдгүүд болох ОУХМ Н.Золбоо, Д.Хүдэрбулга тэргүүтэй шилдгүүдийг ялж, сүүлийн дөрвөн жил дараалан аваргалав. Гавьяат тамирчин П.Орхон дөрөв, П.Өнөрбат, С.Цэрэнчимэд, ОУХМ Ш.Түмэнцэцэг гурав, ОУХМ Э.Сумъяа, Л.Төртогтох хоёр дахь удаагаа түрүүлсэн юм.

“Монголиа Опен-2018” ОУТ-д Монгол Улсын баг тамирчид 10 алт, 14 мөнгө, 14 мөнгөн медальтай багийн дүнгээр тэргүүлж, ОХУ долоон алт, дөрвөн мөнгө, найман хүрэл, Казахстан гурван алт, хоёр мөнгө, таван хүрэл медальтай удааллаа.

СҮҮЛИЙН ӨДРИЙН ДҮН : 

Эрэгтэйчүүдийн 61 кг (20 бөх):

1. Александр Богомоев (ОХУ)

2. Андрей Бекренев (Беларусь)

3. Куат Амартаев (Казахстан), Гансүхийн Отгонбаатар (Монгол)

70 кг (22):

1. Евгений Жербаев (ОХУ)

2. Бат-Эрдэнийн Бямбадорж (Монгол)

3. Роланд Ондар, Тимур Николаев (хоёул ОХУ)

79 кг (15) :

1. Пүрэвжавын Өнөрбат

2. Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ

3. Ганболдын Төрболд, Баатарын Нямбаяр (бүгд Монгол)

92 кг (10) :

1. Лувсандоржийн Төртогтох

2. Баасанцогтын Өлзийсайхан

3. Чинбатын Алтангэрэл (бүгд Монгол), Юрий Иванов (ОХУ)

125 кг (12) :

1. Балдан Цыжипов (ОХУ)

2. Нацагсүрэнгийн Золбоо

3. Мөнхтөрийн Лхагвагэрэл (хоёул Монгол), Олег Болтин (Казахстан)

Эмэгтэйчүүдийн 53 кг (6):

1. Эрдэнэчимэгийн Сумъяа (Монгол)

2. Екатерина Полещук (ОХУ)

3. Айгули Нуралим (Казахстан)

57 кг (7):

1. Сүхээгийн Цэрэнчимэд

2. Алтанцэцэгийн Батцэцэг (хоёул Монгол)

3. Олга Хорошавцева (ОХУ)

62 кг (6):

1. Пүрэвдоржийн Орхон

2. Соронзонболдын Батцэцэг

3. Дэлгэрцогтын Түмэнцэцэг (бүгд Монгол)

68 кг (6):

1. Шархүүгийн Түмэнцэцэг (Монгол)

2. Жамила Бакбергенова (Казахстан)

3. Светлана Бабушкина (ОХУ)

76 кг (7):

1. Эльмира Сыздыкова (Казахстан)

2. Очирбатын Насанбурмаа (Монгол)

3. Гульмарал Йеркебаева (Казахстан)

Д.НЯМАА

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.