Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстаны нийслэл Бишкек хотод өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаанууд явагдаж аваргуудаа тодруулсан юм.

Монгол Улсаа төлөөлж 68 кг-ын жинд Азийн аваргын мөнгөн медальт Шархүүгийн Түмэнцэцэг хагас шигшээд шалгарч тэмцээнийг зохион байгуулагч орны тамирчин Меерим Жуманазароваг 2:2-оор ялсан. Харин алтан медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Зөү Фенд 10:0-ээр ялагдаж мөнгөн медаль зүүлээ.

50 кг-ын жинд өрсөлдсөн “Хангарьд” клубийн тамирчин, ОУХМ Эрдэнэсүхийн Нарангэрэл хүрэл медаль хүртэв. Тэрбээр шөвгийн наймд Вьетнамын Ти Хуан Нгиенийг оноогоор цэвэр  ялсан ч хагас шигшээд БНХАУ-ын Лей Чунд ялагдсан. Харин  хүрэл медалийн төлөөх барилдаанд хариуцлагатай барилдаанд  Узбекистаны бөх Актенге Кеунимаеваг 8:2-оор илүүрхлээ. Э.Нарангэрэл өмнө нь  Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм.

Эмэгтэйчүүдийн 55 кг-д  Залуучуудын дэлхийн аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин Эрхэмбаярын Даваачимэг тивийн аваргаас хоёр дахь хүрэл медалиа зүүв. Тэрбээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Энэтхэгийн Лалита Лалитаг 6:0-ээр хожсон ч хагас шигшээд Японы бөх Саки Игарашид 0:3-аар хожигдсон.  Хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Назгул Нураханыг 14:4-өө дутуу гаргасан юм.

59 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор хүрэл медалийн төлөөх барилдаанд Тайландын бөх Пимсупак Айнпенийг 10:0 –ээр ялсан бол 76кг-ын жинд хүрэл медалийн төлөө барилдсан насанд  хүрэгчдийн улсын аварга А.Чанцалнямаа  Казахстаны бөх Элмира Сыздиковад 11:1-ээр хожигдож тавдугаар байр эзэллээ.

Өнөөдөр 53 кг-д Э.Сумъяа, 57 кг-д А.Батцэцэг, 62 кг-д гавьяат тамирчин  П.Орхон, 65 кг-д Э.Цэвэгмэд, 72 кг-д О.Насанбурмаа нар дэвжээнд гарна.

 

Д.НЯМАА

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.