Олимпийн аварга Дэлхийн 2 удаагийн аварга алдарт тамирчин Zhang Jike 1988 оны 2-р сарын 16-нд төржээ. Түүний аав Zhang Chuaming нь дэлхийд Zico нэрээр танигдсан Бразилийн алдарт хөлбөмбөгийн тамирчныг шүтэн биширдэг байсан учраас хүүдээ түүний нэр орсон Zhang Jike(Зан Жикө) гэдэг нэр өгсөн гэдэг. Аав нь тухайн үедээ өөрийнхөө хотдоо ширээний теннисний тамирчин бас дасгалжуулагч байсан нь хүүгийнхээ ирээдүйн спортын кареерт нь чухал нөлөөлжээ. Zhang Jike-г 4 настай байхад гэрийнхээ нэг өрөөнд ширээ тавьж түүнийг анх ширээний теннисний спортод хөл тавиулжээ. 4 настай байхад түүний ширээнээс үл ялиг өндөр байсан нь бэлтгэл хийхэд тохиромжгүй байсан тул ширээнийхээ нэг талд модон тавцан засч түүн дээр Zhang Jike-г гарч зогсоон бэлтгэл хийдэг байжээ. 6 настайгаасаа төрөлх Чиндао хотынхоо томоороо 2т орох клубт явж эхэлсэн ба Аав нь цагаар очиж хүүгийнхээ бэлтгэлийг хангадаг байв. Тэр үед Zhang Jike өдөр бүр хамгийн багадаа 3 цаг бэлтгэл хийдэг байсан ба нэг удаагийн оролтоор 120 ширхэг бөмбөгөөр 15 удаа буюу өдөртөө л гэхэд нийтдээ 1800 гаруй бөмбөгөнд ордог байжээ. Ингэж явсаар Zhang Jike 11 нас хүрэхдээ аавыгаа хождог болчихсон байв.

Хотынхоо шигшээ багаар дамжаад 15 настайдаа Хятадын үндэсний шигшээ багт оров. Түүнийг шигшээд орсны дараахан нь домогт тамирчин Liu Guoliang шигшээ багийн дасгалжуулагчаар дөнгөж ирээд байв. Шигшээд орсон даруйдаа тэрээр техник ур чадвар, бие физиологийн байдлаар бусдаасаа онцгойрч шилдэг нь байж, дийлдэшгүй мэт бусад өрсөлдөгчдөө санагдаж байв. Гэвч түүний бардам, хэт онгироо зан нь түүнийг шигшээ багаас нь явуулж, буцаагаад орон нутгийн Luneng клуб руу нь шилжүүлэв. Учир нь тэрээр дотоодын нэгэн чухал тэмцээний үеэр өрсөлдөгчөө хожиж явсан ба тоогоор баригдах эгзэгтэй үед дасгалжуулагч нь time out авъя гэж хэлсэн боловч тэр үл тоон өөрийгөө хожино гэж бардан тэмцээнээ үргэлжлүүлээд уг тоглолтондоо хожигдсон байдаг. Түүний омголон бардам зангийн дутагдлыг Liu Guoliang дасгалжуулагч ноцтойгоор хүлээн авч түүнийг шигшээгээсээ буцааж орон нутгийн клуб руу нь явуулах шийдвэр гаргасан байдаг.

Муухайгаар хэлвэл шигшээгээсээ хөөсөн гэсэн үг. Ид өсөж дэвждэг үе дээрээ шигшээгээсээ явсан нь түүний спортын замналыг нураах аюултай байж ч болох байв. Гэсэн хэдий ч тэрээр үндэснийхээ тэмцээн уралдаанд клубээсээ амжилттай тоглон өөрийгөө дахин харуулж чадсан учраас шигшээдээ буцаж ирэв. Алдарт дасгалжуулагч Liu Guoliang нэгэнтээ: Хүнд нэг эсвэл хоёр боломж өгөхөд л хангалттай түүнээс дээшээ хэрэггүй гэсэн байдаг. Үүнээс харахад тэрээр Zhang Jike-т 2 дахь боломжийг олгосон байв. Zhang Jike шигшээдээ ирэхэд түүний омог бардам, хөнгөн хуумгай зангийн дутагдал нь арилж илүү дөлгөөн, тогтвортой зан төлөвтэй болж ирснийг Liu Gouliang дасгалжуулагч дурдсан байдаг. Шигшээгээсээ яваад буцаад ирэх он жилүүдийн хооронд түүний үе тэнгийн өрсөлдөгчид Ma long, Xu xin нар тив дэлхий олон улсын тэмцээнд оролцож Zhang Jike-с илүү турлшлага чадвартай болсон байв. Гэвч Zhang Zike шаргуу цөхрөлтгүй бэлтгэлийнхээ ачаар хоцорсон тамирчдаа гүйцэж ирсэн ба түүгээр ч зогсохгүй 2010 оны багийн дэлхийн аваргын сорилго тэмцээнд амжилттай оролцон дэлхийн аварга явах багийн бүрэлдэхүүнд сонгогдов. Liu Gouliang дасгалжуулагч түүнийг дэлхийн аваргад хэрхэн тоглох бол гэж санаа зовж байсан боловч тэрээр Германы багтай таарсан финалын тоглолтонд өөрийнхөө өрсөлдөгч болох Christian Suss-ийг ялж багаараа дэлхийн аварга болсон юм. Түүнээс хойш багийн 3 удаа, ганцаарчилсангийн 2 удаагийн дэлхийн аварга, олимпийн аварга болсон юм. Хөлбөмбөгийн ертөнцөд К.Роналду илүү юу Месси юу гэж олон хүн маргадаг шиг ширээний теннисний ертөнцөд олон хүмүүс мөн адил Zhang Jike уу Ma long уу гэж маргадаг. Сонирхолтой нь энэ хоёр ширээний теннисний оргил тамирчид дэлхий болон олимпийн аваргын тэмцээнд нэг ч удаа таарч байгаагүй учраас дэлхийн аваргад таарвал хэн нь ялах вэ гэсэн таамаг ширээний теннисний ертөнцөд багагүй маргаан үүсгэдэг. Хэрвээ таарч тоглосон бол сонирхогч миний бодлоор Zhang Jike ялах байсан байх гэж боддог. Яагаад ингэж бодох үндэслэлээ тайлбарлавал: Энэ 2 тамирчин ур чадварын хувьд нэгнээсээ илүү тасарсан юм байхгүй харин сэтгэлзүйн хүчээр Zhang Jike илүү нь нотлогдсон. Яагаад гэвэл 2009, 2011, 2013 оны дэлхийн аваргын хагас шигшээд Ma long гарч ирээд 3 ууланд нь Wang Hao-д хожигдсон бол 2011,2013 оны дэлхийн аварга, 2012 олимпын финалд Wang hao, Zhang JIke 2 таарч тоглоход 3 ууланд нь Zhang Jike ялсан байдаг. Үүнээс үзэхэд Ma long-ийг сэтгэлзүйн хүчээр дутуу гэж хэлж болохоор ч юм шиг. Ойрхоны жишээ гэвэл өнгөрсөн жилийн дэлхийн цомын тэмцээнд энэ хоёр финал дээр таарч тоглоход Zhang Jike ялж байсан билээ. Гэвч ирээдүйд энэ хоёрын тэмцэл хэрхэн өрнөхийг таашгүй. Олимп,Дэлхийн аварга болтол түүний спортын кареер нь шулуун дардан байгаагүй ч уйгагүй, цөхрөшгүй бэлтгэл, сэтгэлийнхээ хатаар энэ тамирчин өөрийнхөө алдаа дутагдлыг засаж дэлхийд од болон гялалзах тамирчин болсон билээ.

Н.Алтайбаатар

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.