Их хотын түм түжигнэж, бум бужигнаж байдаг хөл хөдөлгөөнөөр үл тасрах  газруудын нэг бол Спортын төв ордон билээ. Энд тив дэлхийд алдар нэрээ дуурсгасан монголын бахархалт тамирчид өдөр тутмынхаа бэлтгэл сургуулалтыг хийхээс гадна тэдний залгамж халаа  ирээдүйн олимп, дэлхийн аваргууд болох охид, хөвгүүд ч бяцхан биедээ ахадмаар мэргэжлийн спортоор тогтмол хичээллэдэг. Тэд хэдийн өөрийн орны хийгээд олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож улс орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгах  ирээдүй  амжилтын буухиаг залгуулсаар байгаа ажээ. Бид  хүүхдийн баярыг угтан тамирчин хүүхдүүдийн нэг өдрийг сурвалжлахаар спортын ордныг зорилоо.

Ордныг шинээр будаж зассан бололтой цэмбийж харагдахын зэрэгцээ цонхны шилнүүд нь нарны гэрэлд гангар шаазан шиг гялалзаж нүд гялбана. Шилэн хийцтэй бахим хаалгаар ормогцоо зүүн гар тийш хойшоо эргэн бүдэг гэрэлтэй урт нарийхан хонгилоор цааш алхахад бэлтгэлдээ яарсан багачуудын цовоо сэргэлэн дуу хоолой цангинах нь сэтгэлд дотно санагдана. Жүдо бөхийн бэлтгэлийн заалны босгоор давав уу, үгүй юу өмнөөс чийглэг агаар бүчин авч агшин зуурт  олон хүүхдийн шуугианаас  эрч хүч мэдрэх шиг боллоо.

Сургуулийн хөл бөмбөгийн талбайн хэмжээний газар дээр улаан хүрээтэй зургаан шар дэвжээг хуруу орох зайгүй нягт нямбай гэгч нь эгнүүлэн засчээ. Гурван давхар байшинтай тэнцэх өндөр таазнаас гэрэлтэх хурц өнгийн олон гэрлүүд нь бэлтгэлийн заалыг саруулхан агаад уужим харагдуулна.

Монголдоо хамгийн томд тооцогддог энэхүү дэвжээний хойморт Монгол Улсын төрийн далбаа, жүдо бөхийг үндэслэгч Кано Жигорогийн хөргийг хүндэтгэлтэйгээр  залж,  “Хамтын хүч Амжилт” хэмээх уриа үгийг тодоос тод дурайтал бичиж өлгөжээ.

Тэр чигтээ улаан, шар өнгө алагласан зөөлөвч бүхий дэвжээгээ хүүхдүүд “татами” гэх нэрлэх бөгөөд цагаан, цэнхэр жүдогийн өмсгөлөөр өнгө жигдрэн хувцаслаж, хөл нүцгэн гүйлдэх дөрвөөс арван зургаан насны зуу гаруй жүдочид  цэрэг шиг “ярайтал” эгнэн зогсох нь бахархах сэтгэл төрүүлж нэлийсэн шар талд өнгийн цэцэг ургасан мэт өнгө алаглана.

Тэд багш буюу сэнсэйнхээ үгийг ягштал мөрдөх нь арван жилийн зарим сургуулиудын багшийн атаархлыг төрүүлэм ажээ. Багштайгаа болон  бусадтайгаа толгой тонгойн мэхийн ёслох нь нэн хүндэтгэлтэй харагдана.

Бэлтгэл ийнхүү эхлэн бөхийн дасгалаар үргэлжлэв.

Бага ангийн гэмээр хөдөлгөөнтэй байрын хэвлүүхэн хүү цагаан өмсгөл өмсөж цэнхэр бүс бүсэлжээ. Энд хичээллэж байгаа хүүхдүүд цагаан, шар, улбар шар, ногоон, цэнхэр, хар өнгийн бүс бүсэлсэн нь  тэдний ур чадвар, туршлагыг илтгэдэг гэнэ.

Нөгөөх хүү татами дээр бусад ах, эгч нартайгаа  адил дасгал, хөдөлгөөнөө тун эвлэгхэн хийж гарлаа. Гүйж, харайж, өнхөрч, үсэрч дэвхрээд л хэсэг хугацааны дараа хамаг хөлс нь урсаад эхлэв.

 Зав зайг нь олоод хэсэг хугацаанд амрах үед нь ярилцсан юм.

Тэмүүлэн гэж өөрийгөө танилцуулах хүү жүдогоор хичээллээд гурван жил болж байгаа бөгөөд улс, дүүргийн аврага шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль авсан гэнэ. Түвшинбаяр, Төмөрхүлэг ах нар шигээ мундаг тамирчин болно гэв. Жүдо гэж чинийхээр юу вэ гэж асуухад “Жүдо бол хүндлэл хүмүүжил”, аав ээждээ хайртай шүү гэчихээд шур хийгээд гүйгээд явчихав.

Дэвжээний баруун хойд буланд шоовдор хүүхэд шиг гэмшсэн хоёр бор хүүг бөхөрч суулган, нурууг нь үүрүүлж, өөд өөдөөс нь  духаар мөргүүлж суулгасан харагдана.Ажиглавал хоёул жаал ам муруйсаныхаа хариуд ийнхүү багшаасаа зэм хүртсэн бололтой. Нүдэндээ нулимстай хошуугаа цорвойлгон өөд өөдөөсөө бөхийж суух нь үнэхээр өхөөрдмөөр…

Бэлтгэл хоёр цаг гаран үргэлжилж өндөрлөсний дараа хүүхдүүд нэг эгнээнд орж өвдгөө нугалан бохирч суугаад  Жүдо академийн суралцагсад бид

“Багшаа болон ахмад үеэ хүндэлнэ

-Өрсөлдөгчөө болон баг хамт олноо хүндэлнэ

-Жүдо бөхийн ёс жаягийг чандлан биелүүлнэ

-Сайн тамирчин, сайн хүн болохын төлөө бүх хүч чадлаа дайчилна

-Хулгай хийж, худлаа ярихгүй”

гэх уриаг нэгэн зэрэг  ягштал цээжээр уншаад хойморт байрлах Монгол Улсын төрийн далбаа, жүдо бөхийг үндэслэгч Кано Жигорогийн хөрөг болон  багш нартаа хүндэтгэлтэйгээр толгой бөхийн ёслов.

Ёслол хүндэтгэлээр эхэлсэн бэлтгэл мөн л энэ жаягаараа өндөрлөж хүүдүүд алга нижигнүүлэн ташиж татамигаасаа бууцгаав.

М.БАТТОГТОХ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.