Сүүлийн үед “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн багш Улсын начин Б.Адьяахүүгийн олон шавь монгол бөхөөр амжилттай барилдаж байгаа билээ. Тэдний төлөөлөл болгож Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Болор-Эрдэнийн Номиндалайг бид энэ удаа зочноор урьсан юм.

-Өнгөрсөн он таны хувьд амжилтаар дүүрэн байсан болов уу. Өнөө цагт барилдаж буй аймгийн арслангуудын зүүний магнай боллоо.

Тиймээ амжилтаар арвин сайхан жил болж өнгөрсөн. Төрөлх нутаг Сүхбаатар аймгийнхаа наадамд хоёр дахь удаагаа түрүүллээ. Өмнө нь нэг түрүүлж, хоёр үзүүрлэж, харцага цол хүртэж байсан амжилтаараа энэ цагт барилдаж байгаа арслангуудыг тэргүүллээ.

-Бага нас тань хэрхэн өнгөрсөн бэ. Бөх болоход юу нөлөөлөв? 

Миний хүүхэд нас Сүхбаатар аймгийн Онгон суманд өнгөрсөн. Өвөө маань аймгийн арслан Б.Чимэдбазар гэж аймгийн арслан хүн байдаг. Тийм ч учраас хүүхэд байхаасаа л бөхөд их дур сонирхолтой байсан. Арван жилийн сурагч байхдаа аймгийн аварга шалгаруулах бөхийн барилдаануудад алгасалгүй оролцдог байлаа. Энэ маань бөх болоход их нөлөөлсөн. Өвөөгийнхөө цолд хүрээд бөхийн удмыг нь таслалгүй үргэлжлүүлээд л явж байна даа.

-Спортын сууриа чөлөөт бөхөөр тавьсан байх. Их спорттой яаж холбогдож байсан бэ?

Анх хөдөөнөөс хотод орж ирэхдээ үндэсний бөхөөрөө л барилдах бодолтой байсан. Улсын начин Б.Адьяахүү багшид шавь ороход “Үндэсний бөхөөр барилдахдаа давхар их спортоор хичээллэвэл илүү амжилт үзүүлнэ” гэж зөвлөсөн. Багшийнхаа зөвлөсний дагуу л чөлөөт бөхийн бэлтгэл хийж эхэлсэн дээ.

-Таны хувьд 2009 оны баяр наадмын хүүхдийн барилдаанд түрүүлж байсан. Ямар бөхчүүдтэй өрсөлдөж байв. Тэр жилийн наадмын дурсамжаасаа хуваалцахгүй юу? 

Тэр үед чөлөөт бөхийн өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлчихээд гадаад руу тэмцээнд явах гээд бэлтгэлд гарчихсан байсан. “Наадам үзчихээд ирье” гэж багшаасаа чөлөө аваад цэнгэлдэхэд иртэл барилдмаар санагдаад л гарсан. Наадамд жудо бөхийн залуучуудын Дэлхийн аварга аймгийн начин Ө.Дүүрэнбаяр, Архангайн Нандин-Эрдэнэ, Увсын аймгийн харцага Я.Батболд нарыг давж түрүүлж байсан даа.

-Бөхийн өргөөнд хэдий үеэс зодоглож эхэлсэн бэ. Анх Улсын цолтой ямар бөхийг өвдөг шороодуулж байв. 

Анх бөхийн өргөөнд өсвөр үеийн барилдаануудад л зодоглодог байсан. Хамгийн анх Архангай аймгийн Тариат сумын 90 жилийн ойн баяр наадмаар Улсын начин Н.Алтансүх гэж бөхийг давж байсан. Мөн аймгийн заан цол хүртсэнийхээ дараа Улсын гарьд цолны хүндэтгэлийн барилдаанд Улсын гарьд Ж.Бат-Эрдэнийг өвдөг шороодуулсан. Энэ барилдаан маань эргээд бодоход сайхан байдаг даа.

-Сүхбаатар аймгийнхаа наадамд 2012 онд харцага цол хүртсэнээсээ хойш өнөөг хүртэл тасралтгүй сайн барилдаж түрүүлж үзүүрлэж байна. Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатараар харцага болж байсан бил үү. 

Тийм ээ. Мөнгөө ахыгаа давж харцага цолд хүрж байлаа. Анх цүнхийг нь үүрээд л дагаад явдаг байсан ахынхаа дээр нь эрэмбэтэй болчихсон байна. Би чинь хөдөөнөөс орж ирээд Мөнгөнбаатар ахтай хамт амьдардаг байлаа шүү дээ. Бөх болоход маань их тусалж дэмжсэн.

-Бөхчүүд цол дагаад бяр нэмдэг гэж ярьдаг. Хурц арслан болоод таны барилдаан хэрхэн өөрчлөгдөж байна вэ? 

Эхлээд барилдахад цолондоо дасахгүй биеэ бариад хэцүү байсан шүү. Зүүний манлайд гарсан хүн чинь тэгээд унаад байж болохгүй. Одооноос л цолондоо дасаад өөртөө илүү итгэлтэй болж ирж байна.

-Өнгөрсөн жил улсын наадамдаа хоёрдох удаагаа зодоглолоо. Ямар зорилготой барилдав. Ц.Одбаяр начинтай барилдахаар гарахад багш тань ямар зөвлөгөө өгч байсан бэ? 

Улсын наадамдаа хоёр дахь удаагаа зодоглосон. Өнгөрсөн наадмаар 1024 бөх барилдсаны хажуугаар бэлтгэл ч гайгүй сайн байсан болохоор бусад залуу аймгийн арслангуудынхаа адил цол авчих юм сан л гэж зорьж байсан. Гурвын даваанд Өмнөговь аймгийн начин Ц.Одбаярт сэнжигний барьц алдаад суйлуулж унасан. Б.Адьяахүү багш сэнжигний барьц өгч болохгүй золгож барилдаарай гэж зөвлөж байсан ч барилдаан санаснаар болоогүй дээ.

-Чөлөөт бөхөөр багагүй хугацаанд хичээллэсэн ямар амжилтууд үзүүлж байсан бэ. Сэтгэлд тод үлдсэн нь аль нь бол. 

Чөлөөт барилдаанаар 2009 оноос 2013 хүртэл дөрвөн жилийн хугацаанд хичээллэсэн. Энэ хугацаанд 2009 онд өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. Дараа жил нь залуучуудын аваргад нь ороод хүрэл медаль хүртсэн. Мөн насанд хүрэгчдийн улсын аваргаас хүрэл медаль, “MONGOLIA OPEN” тэмцээнээс мөн хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлж байсан.

– Их спорт таны үндэсний бөхийн барилдаанд яаж нөлөөлдөг вэ? 

Чөлөөт бөхийн хүнд бэлтгэл тамирчин хүнийг маш их тэвчээртэй болгодог. Мөн их мэдрэмжтэй, мэхэнд үлдэцтэй болгодог. Энэ миний барилдааны амжилтад эерэгээр нөлөөлсөн болов уу. Ойрын үед чөлөөт бөхөөрөө барилдаж амжихгүй байгаа. Миний жин 100 гаруй кг-тай байдаг. Жин хасаад 97 кг-д барилдахад үндэсний бөхийн амжилтад сөргөөр нөлөөлөх гээд, дээшээ 125-д орох гэхлээр бас болж өгөхгүй л байна. Гэхдээ удахгүй бэлтгэл хийж чөлөөт бөхөөр тэмцээн уралдаануудад оролцож эхлэх бодолтой байна.

-Аварга биеийн тамирын дээд сургуулийг төгссөн. Ангиас тань ямар бөхчүүд барилдаж байна вэ? 

Манай ангиас чинь Улсын наадмын түрүү бөх төрсөн шүү дээ. Ангиас Улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Б.Гончигтавхай, аймгийн начин Ж.Бямбадоньд, Д.Алтангэрэл, сумын заан Б.Сосорбарам гээд бөхчүүд сайн барилдаж байна.

– Ирээдүйн зорилгынхоо талаар? 

Улсын том цолд хүрч Сүхбаатар нутгийн зон олноо баярлуулах зорилготой долоо хоногийн зургаан өдөр бэлтгэл хийгээд хөдөлмөрлөөд явж байна

– Улсын том цолд хүрсэн бөхчүүдийн дийлэнх нь барилдааны тэмдэглэл хөтөлдөг байсан тухайгаа ярьдаг. Таны хувьд барилдааны тэмдэглэл хөтөлдөг үү. 

Уул нь багш нар маань байнга л хэлдэг. Одоогоор хэрэгжүүлж амжаагүй л байна даа.

-Сүхбаатар аймаг улсдаа хурдан мориороо тэргүүлдэг. Адуутай нутгийн арслан морь уядаг уу? 

Одоогоор морь уядаггүй ээ. “Бөх морь хоёр нэг тогоонд багтдаггүй ч гэж яриа байдаг” тэр утгаараа ч юм уу морь уях сонирхолгүй. Магадгүй барилдахаа больсон хойноо морь луу орохыг үгүйсгэхгүй.

– Арслан гэр бүлээ танилцуулахгүй юу ? 

Манай эхнэр Батжаргал гэж Архангай аймгийн Тариат сумын харьяат бүсгүй байдаг. Бид гэр бүл болоод 3 жил болж байна нэг хүүтэй.

-Тамирчин хүн туслалцаа дэмжлэг үгүй бол амжилт гаргахад бэрх. Ярилцлагынхаа төгсгөлд дэмждэг хүмүүсдээ манай сайтаар мэндчилгээ дэвшүүлж болно. 

Баярлалаа. Хамгийн түрүүнд надад их зүйл зааж сургасан Б.Адьяахүү багшдаа баярлаж явдгаа илэрхийлмээр байна. Мөн “Жавхлант” дэвжээний хамт олон Улсын заан Ц.Магалжав, а.х.а Ш.Мөнгөнбаатар, а.а О.Баярхүү нарын ах нартаа зааж зөвлөдөгт нь талархдаг. Сүхбаатар аймгийн бөхчүүддээ дэмждэг “Энгүй тал” болон “Заамар Хан” компанийн хамт олондоо баярлаж явдгаа хэлье.

-Танд амжилт хүсье.

О.ДАШНЯМ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу