Монголын ширээний теннисний шинэ үе хүч түрэн гарч ирж байгаагаа 2017 оны насанд хүрэгчдийн улсын аваргаар зарласан. Тэдний гол төлөөлөгч бол 2017 оны оны насанд хүрэгчдийн улсын аваргын мөнгөн медальт, “Mongolia cup 2017” тэмцээний 16 -аас доош насны ангилалд хүрэл медаль хүртсэн спортын дэд мастер Чинбатын Эрдэнэбаяр юм. Түүнтэй CONTROL.mn хөөрөлдөв.

– “Mongolia cup 2017” олон улсын тэмцээнд миний дүү амжилттай оролцож багаар болон, нэгбүрчилсэн төрлөөр медаль хүртлээ. Төрсөн сэтгэгдэлээсээ хуваалцана уу?

– Гадаадын олон тамирчид урилгаар оролцсон ” Mongolia cup” олон улсын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Эх орондоо анх удаа зохиогдсон энэхүү олон улсын тэмцээнд өөрийгөө бүрэн дайчилж тоглосон. Насандаа, нэгбүрчилсэн төрөлд хүрэл медаль хүртсэндээ туйлын баяртай байна. -Зорилго биелсэн үү? – Энэ тэмцээнд 16 -аас доош нас болон насанд хүрэгчдийн ангилалд хувийн болон холимог багийн төрлөөр оролцсон. Эх орныхоо төрийн далбааг мандуулах, эхний гурван байрт орох зорилго тавьсан. Хэдийгээр түрүүлж чадаагүй ч, медалиас мултраагүй.

-Анх ширээний теннистэй яаж холбогдсон бэ?

-Эмээ маань намайг теннис рүү хөтөлж оруулсан. Оюунчимэг гэдэг. Спортын мастер цолтой. Одоо ч “Оч” клубт дасгалжуулагчаар ажилладаг.

Мөн эгч маань теннисний спортын дэд мастер цолтой. Энэ бүгд миний теннисчин болоход нөлөөлсөн. Би 6 настайгаасаа тоглож эхэлсэн. Заалны хүүхэд байлаа.

-Мөнгөн медаль хүртсэн 2017 оны насанд хүрэгчдийн УАШТ -ий тухайд юу гэж хэлэх бол?

-Өмнөх жилээс ялгаатай нь Дархан-Уул аймагт зохиогдсон. Бүх цаг үеийн шилдгүүд оролцсон. Маш хурц өрсөлдөөнтэй болсон. Миний хувьд ганцаарчилсан төрөлд анхныхаа мөнгөн медалийг зүүсэн. -Ямар өрсөлдөгчдийг хожиж шигшээд шалгарсан бэ? Аваргын төлөө төлөө Э.Лхагвасүрэн мастертай тоглосон шүү дээ. -Би шилдэг 16-д “Оч” клубийн тамирчин Лхагва-Эрдэнийг 3:1-ээр ялж шилдэг наймд шалгарсан. Өмнө нь өсвөр үеийн УАШТ-нд таарч тоглохдоо Лхагва-Эрдэнэд хожигдоод байсан бол энэ удаад “даагаа нэхэж” чадсан. Шилдэг наймд олон улсын хэмжээний мастер Я.Бэгз ахтай тоглож 3:0-ээр хожсон. Надад их урам зориг, өөртөө итгэх итгэл өгсөн сайхан тоглолт болсон. Хагас шишээд спортын дэд мастер Батдэлгэртэй өрсөлдөж 3:1-ээр ялаад анх удаагаа насанд хүрэгчдийн УАШТ-нд аваргын төлөө тоглохоор шалгарсан. Алтан медалийн төлөөх тоглолтод Э.Лхагвасүрэн мастерт 3:0-ээр ялагдсан. Лхагваа ахаас маш их зүйлд суралцсан.

-Шөвгийн наймд таарсан ОУХМ Бэгзтэй өмнө нь тэмцээн дээр таарч тоглож байсан уу?

-Бэгз ахтай олон удаа таарч тоглож байсан. Энэ жил л гэхэд “Үндэсний лиг”-ийн тэмцээн дээр дөрвөн удаа таарч тоглоход 2 хожиж, 2 хожигдсон. Ер нь эн тэнцүү өрсөлддөг учраас айгаад байх зүйл байгаагүй ээ. Өөрийгөө дайчлаад л тоглосон. -Ширээний теннисээр хэд дэх жилдээ хичээллээд насанд хүрэгчдийн УАШТ-ээс медаль хүртэж байна вэ? Өмнө нь ямар амжилт үзүүлж байв. -Би теннисээр хичээллээд 10 жил болж байна. Энэ олон жилийн хөдөлмөрийн үр дүн энэ УАШТ-нд гарсан. Өмнө нь 2015 оны улсын аваргаас хүрэл медаль зүүж байсан.

-Энэ жилийн “Үндэсний лиг”-ийн тэмцээнд амжилттай оролцсон шүү дээ. Энэ тэмцээний талаар.

-Энэ жилийн лигид “Төмөрт-Өргөө” багаас тоглож бага зэрэг аз дутаж дөрөвдүгээр байрт шалгарсан. Гэхдээ ганцаарчилсан төрөлд тэргүүлж чансаагаа ахиулсан. Харин 2015 онд “Хаан даатгал” багаас оролцож хүрэл медаль зүүсэн.

-Өөрөө тоглолтынхоо үед сэтгэл хөдлөлөө ил гаргаж, эмоци ихтэй тоглодог. Энэ нь тоглолтод чинь яаж нөлөөлдөг вэ?

-Би өөрөө их эмоцитой хүн гэж болно. Ширээний ард гараад хэн нэгнээс шалтгаалаад сэтгэл хөдлөлөө дараад байж чаддаггүй. Өөрийнхөөрөө л тоглохыг хүсдэг. Энэ маань намайг илүү хурцалж өрсөлдөгч тамирчинд дарамт учруулдаг.

-Өсвөр үе залуучуудын улсын аваргад хэдэн удаа түрүүлж байсан бэ?

-Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 3 удаа түрүүлж, 2 удаа мөнгөн медаль хүртсэн. Мөн хүүхдийн тавугаар их наадамд оролцож алтан медаль зүүсэн.

-Монголын ширээний теннист залуу үеийн тамирчид хүчтэй өрсөлдөж байна гэж та хэллээ. Үеийн нөхдийн тухайд?

-Бидний дээд үед Бэгз, Баяраа мастерууд. Түүний дараа Лхагвасүрэн, Алтантулга гээд бас нэг үе бий. Тэдний араас Билигтийн үе бас бий. Тэгээд л Чулуудай, Мөнхзориг, Чинзориг гээд олон залуус сүүлийн 2 жилийн хугацаанд гарч ирсэн. Ах нар, дээд үетэйгээ ширүүн өрсөлдөөнийг үзүүлж ширээний теннисийг сонирхолтой болгож байна. Бид өөр хоорондоо ч ширүүн өрсөлддөг.

-Олон улсын ямар тэмцээнүүдэд оролцож байсан бэ? Ямар амжилт үзүүлж байв.

– Японы Осака хотод зохиогдсон хүүхдийн наадам, Оросын Сахад болсон хүүхдийн их наадамд оролцож байсан. Сахагийн наадамд шилдэг наймд шалгараад хасагдсан.

-Эрдэнэбаярын зорилго нь юу?

-Бусад тамирчдын л адил эх орныхоо нэрийг өндөрт өргөж амжилт үзүүлэхийг зорьдог. Монголын теннисчид маань “С” зоонд байдаг бол “B” зоон болгож ахиулахыг хүсч байна.

-Одоо олон улсын ямар тэмцээд хүлээж байна вэ?

-Германд болох насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хувийн төрөлд өрсөлдөнө. Мөн цаашид нээлттэй тэмцээнүүдэд оролцох төлөвлөгөөтэй бэлтгэлээ хийгээд явж байна.

-Ирээдүйд мэргэжлээ сонгох уу, тамирчны карьер хөөх үү?

– Одоогоор би Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуульд сурдаг. Удахгүй сургуулиа төгсөөд мэргэжил, тамирчны замнал гэсэн сонголт миний өмнө тулгарна. Энийг тухайн үедээ л шийдэх байх. Яг өнөөдөр бол теннисээ л сонгоно гэсэн бодолтой байна.

-Өөрийн чинь санаанаас гардаггүй тоглолт юу вэ?

-Миний санаанаас гардаггүй гурван тэмцээн байдаг. Эхнийх нь энэ оны УАШТ-аар ОУХМ Бэгз ахтай хийсэн тоглолт. Энэ тоглолтоор би өөрийнхөө ур чадварын бүрэн харуулж чадсан. Би ч тухайн үедээ 3:0-ээр хожсон гэдэгтээ итгэж ч чадахгүй байсан. Дараагийнх нь 2015 оны улсын аваргаар 13-тай хүүхэд байхдаа шилдэг наймд үлдээд ОУХМ Баярмагнай ахтай тоглож 3:1-ээр хожигдож яваад дараалж 3 сет хожиж шилдэг дөрөвт шалгарсан. Энэ тоглолтод хожоод ширээний теннисээр хичээллэвэл амжилт үзүүлэх боломжтой гэдгийг ойлгож их урам авсан. Тухайн үед би улсын аварга орж буй шинэ тамирчин, Баярмагнай ах аварга болох магадлал хамгийн өндөртэй шилдэг тамирчин байсан. Сүүлийнх нь гэвэл Хятад улсад болсон “Junior cup” тэмцээн. Тус тэмцээнд би медаль хүртэж чадаагүй ч “A” зооны хангамж өндөртэй Сингапур, Энэтхэг, АНУ зэрэг теннис өндөр хөгжсөн орны хүүхдүүдийг хожсон. Энэ тоглолтууд л надад том урам зориг бэлэглэсэн.

-Тамирчин хүн авьяас чадвартай байлаа ч ивээн тэтгэгчгүй бол амжилтанд хүрэхэд бэрх. Тэмцээн уралдаанд ороход ямар байгууллага дэмждэг вэ?

-Тэгэлгүй яах вэ. Ширээний теннисний хувьд хэрэгслэлийн үнэ өндөр байдгаас гадна, олон улсын тэмцээнд явахад санхүүгийн асуудал их тулгардаг. Миний хувьд “Төмөрт-Өргөө” компани хэрэглэл, зардал гээд бүх зүйлийг хангаж өгдөг.

-Бид хоёрын ярилцлага энд хүрээд өндөрлөх дөхөж байна. Манай сайтаар дамжуулаад дэмжиж тусладаг хүмүүсдээ мэндчилгээ дэвшүүлж болно.

-Баярлалаа. Миний төлөө бэлтгэлд минь цаг заваа харамгүй зориулдаг С.Галбадрах болон Энхтөр багшдаа их баярладаг. Миний гаргасан амжилт та бүхний хичээл зүтгэлийн шан юм шүү. Мөн намайг дэмждэг ширээний теннис сонирхогчиддоо талархаж явдаг аа илэрхийлье. Мөн SPORTLIFE.mn сайтын хамт олондоо амжилт хүсье. Миний үзэх дуртай сайт бол танай сайт.

О.ДАШНЯМ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу