Монголын жудогийн 60 кг-ийн тамирчид дэлхийд хэзээнээс хүчтэйд тооцогддог. 1996 онд Гавьяат Д.Нармандах, 2004 онд Гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар нар энэ жинд олимпийн наадмаас медаль авч байсан. Энэ ах нарынхаа халааг авч амжилтын буухиаг нь үргэлжлүүлж байгаа тамирчин бол ОБЕГ “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар юм. Хэдийгээр 20 насыг шүргэж яваа залуу тамирчин ч үзүүлсэн амжилтууд нь түүнийг дэлхийн хэмжээний тамирчин болсныг нь илтгэдэг. Ингээд та бүхэнд Дэлхийн залуучуудын аваргын хошой мөнгө, Азын наадмын хүрэл, Монгол улсын аваргын алт, хүрэл медальт ОУХМ Ц.Цогтбаатартай хийсэн ярилцлагыг хүргэе.

-2016 он таны хувьд их чухал жил болж өнгөрч байна. Анх удаагаа олимпийн наадамд эх орноо төлөөлж оролцлоо. Манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

Сэтгэгдэл өндөр байна. Цэнгэлийн манлай олимпийн их наадамд тоосоо өргөнө гэдэг тамирчин болгонд олддог зүйл биш. Миний хувьд 2007 оноос өдий хүртэл жудо бөхөөр хичээллэхдээ сурсан бүх зүйлдээ тулгуурлаж олимпийн наадамд оролцоод ирлээ. Өөрт байгаа бүхнээ хүчээ дайчилж барилдсан ч гуравдугаар тойрогтоо хожигдсон.

-Олимпийн наадамд хийсэн барилдаануудынхаа талаар яриач. Ялангуяа дэлхийн чансааг тэргүүлэгч Ким Вонжитой хийсэн барилдаан их өрсөлдөөнтэй болсон ?

Манай жинд 35 бөх орж би “А” хэсэгт хуваарилагдаж барилдсан. Тэгшитгэлийн тойргийн барилдаанаа Гватемалын Ромас Жозетой хийж, тэвэрч шидээд цэвэр ялсан. Хоёрдугаар тойрогт Финландын Ж.Рэинваллтай барилдаж хожсон. Гуравдугаар тойргийн барилдаанаа дэлхийн чансаа тэргүүлэгч Солонгосын бөх Ким Вонжинтой хийсэн. Нэг торгуулиар хожигдож эхлээд хоёр минут үлдэхэд би юуко үнэлгээ авч хожиж боломжтой байсан ч сүүлийн минутад мордож урдуур нь өшиглөх гэж байгаад алдаа гаргаж ваззари алдаж хожигдсон. Энэ жилийн бэлтгэл маш сайн хангагдсан учраас би бүгдийг нь хожих зорилготой явсан. Харамсалтай нь санаснаар болсонгүй.

– Энэ удаагийн олимпод Ким тэй хамт “А” зоонд орно гэж тооцоолж байсан уу?

Миний чансаа бага зэрэг хойгуур байсан учраас Ким Вонжин, Азербайджаны Орхан Сафаров нарын аль нэгнийх нь зоонд орно гэсэн тооцоотой байсан. Өмнө нь ч гэсэн Дэлхийн аварга, Гранд слам зэрэг тэмцээнүүдэд оролцоход энэ хоёртой л нэг зоонд ордог байлаа.

-Ким Вонжинтой яаж барилдана гэж төлөвлөж байсан бэ?

Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар багшийн зөвлөснөөр өөрийнхөө шидэх барьцыг түрүүлж аваад солгой гарыг нь дарж барилдсан. Барилдаан төлөвлөсний дагуу болж байсан ч би бага зэрэг хариуцлага алдаж ваззари үнэлгээгээр хожигдсон.

-МЖБХ-оос Дэлхийн аварга Г.Болдбаатар, Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нарын ах нарыг чинь үлдээж өөрт чинь итгэл хүлээлгэж олимпийн наадамд оролцуулсан. Өндөр цолтой тамирчдыг гэрт нь үлдээгээд танд хариуцлага үүрүүлэхэд сэтгэл зүйд чинь яаж нөлөөлсөн бэ?

Ийм өндөр хариуцлага хүлээлгэсэн нь бахархууштай санагдаж байсан. Хоёр ахыгаа өнгөрсөн оны улсын аваргаар ялсан байсан учраас үлдээгээд олимпод явсан. Сая МУГТ Г.Болдбаатар ахынхаа ярилцлагыг уншиж байхад “Саяны олимпод Цогтбаатар дүүгийнхээ бэлтгэлийг хангаж өгөөд сайн барилдаарай гээд захыг нь мушгиад сууж дэмжиж байсан” гэж ярьсныг нь уншихад маш сайхан байсан. Миний хоёр ах олимпийн наадамд явалгүй үлдсэн ч бэлтгэл дээр надад олон зүйлийг зааж, алдааг минь засч өгч байсан. Энэ нь надад сэтгэл зүйн дарамт гэхээс илүү түшиг тулгуур болсон шүү.

-Өөртэй чинь нас чацуу дэлхийн шилдэг тамирчид болох Валид Хяр, Гарригос, ЦайМинен нар олимпийн наадмын эхний даваанд л бүгд ялагдсан. Энэ үед танд юу бодогдож байсан бэ. Үеийнхэн чинь шилдгүүд бүгд хожигдоход сандарч байсан уу?

Валид Хяр бид хоёр татами дээр бараг зэрэг гарсан. Валмд Хяр эзэн орны Китадайг илүүрхээд ялж байсан ч цаг дуусч туршлагагүйтээд хожигдсон. Надад “Манай үеийнхэн хожигдоод эхэллээ. Би яах бол” гэсэн түгшүүр огт байгаагүй ээ. Тухайн үед бүгдийг нь хожно л гэсэн зорилготой байсан.

-Олимпод оролцсон жудочдоос таны хувьд ямар хүлээлттэй байсан бэ?

Илүү амжилт үзүүлэх боломж байсан ч зарим нь боломжуудаа бүрэн ашиглаж чадаагүй юм шиг санагдсан. Мөн тухайн өдрийн тамирчны аз од нөлөөлж зарим нь хожигдож байсан. Гэхдээ л хоосон ирээгүй ээ. Олимпийн мөнгөн медаль гэдэг том амжилт.

-Мудрановыг олимпийн аварга болоход юу бодогдож байсан бэ. Өмнө нь түүнийг ялж байсан шүү дээ.

Их юм бодоогүй .Бэлтгэл сургуулилт, аз од бүх зүйл нь бүрдсэн болохоор л түрүүлсэн байх. Миний хувьд “Би энийг ялж байсан юм чинь алтан медаль авах байсан” гэж огт бодоогүй. Миний хувьд угаасаа чадаагүй, алдаа гаргаад хожигдсон. Болохгүй юм болдоггүй шүү дээ.

-Анх жудогийн татамид хэрхэн гарч байсан бэ?

2007 онд манайх хөдөөнөөс хотод нүүж орж ирсэн. Тухайн үед барилдах дуртай хүүхэд “Аваргын гараа” нэртэй хүүхдийн барилдаанд оролцох “Бөхийн өргөө” ортол бүртгэлээс нь хоцроод уйлаад сууж байхад аав маань намайг “Спортын төв ордон” руу аваачиж Ц.Шийрэв багшид шавь оруулж байсан. Тэр үеэс өдий болтол багш дээрээ бэлтгэл хийж байна даа.

-Ямар тэмцээнд орж урам авч байсан бэ?

Жудогийн секцэд ороод долоо хоног бэлтгэл хийгээд л “САРАО олимпийн гараа” тэмцээний 24 кг-ийн жинд оролцоод хүрэл медаль авч байсан. Энэ амжилтандаа их баярлаж байсан. Сүүлд 2012 онд Тайвань руу хүүхдийн олимпод явж Казахстаны тамирчинг ялж хүрэл медаль аваад л өөртөө зорилго тавьж тууштай хичээллэж эхэлсэн.

-Таны хувьд 60 кг- ийн хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ?

Ер нь бүгд жигдхэн хүчтэй өрсөлдөгчид. Гэхдээ Гүржийн Амиран Папинашвили илүү бяртай тамирчин шиг санагддаг. Түүнтэй хоёр ч удаа барилдаж ялагдсан. Тонгордог, давуулж шидэж барилдахад амаргүй өрсөлдөгч. Мөн Монголын 60 кг-ын Г.Болдбаатар, Д.Амартүвшин, Г.Хэрлэн нарын бөхчүүд дэлхийд хүчтэй өрсөлдөгчийн тоонд ордог.

-Дэлхийн хэмжээний ямар тамирчнаас үлгэр дууриал авч бэлтгэл сургуулилтаа хийдэг вэ?

Тамирчин болгонд л давуу тал байдаг. Тэр бүрээс нь өөрт хэрэгтэйг нь суралцаад л явж байна. Гэхдээ би хэн нэгэн шиг тамирчин болохыг хүсдэггүй. Ц.Цогтбаатар гэж хүн өөрийнхөө барилдааныг бүрэн өндөр гаргаж амжилт гаргаж ард түмнээ баярлуулахыг зориод л бэлтгэлээ хийж байна. –

Залуу тамирчны хувьд цаашид ямар мэх, техник сурахыг зорьж байна вэ?

Би үүрэх мэхэнд их дуртай. Энэ мэх маань нэг барьцнаас үүрэх, хоёр барьцнаас үүрэх, босоо үүрэх, Солонгос үүрээ гээд их олон янз байдаг. Энэ бүх техникүүдийг төгс сурахыг боддог.

-Өөрийн чинь хувьд энэ олимпийн мөчлөгөөс эхлээд жин өгсөж барилдана гэсэн. 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх гээд дэлхийд танигдсан тамирчид таныг хүлээж байгаа.

Ах нартай өмнө нь тэмцээн дээр таарч барилдаж байгаагүй болохоор мэдэх юм алга. Мэдээж л ялна, дийлнэ л гэж барилдана даа.

-Ямар зорилготой бэлтгэлээ базааж байна вэ?

Бусад тамирчдын адил олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авах том зорилго өмнөө тавиад долоо хоногийн зургаан өдөрт нь бэлтгэлээ хийгээд л явж байна. Одоогоор жин өгсөж байгаа учраас хүчний бэлтгэл голчлон хийж байна даа.

-Тамирчин хүн ямар ч авьяас чадвартай байсан дэмжлэг байхгүй бол амжилт гаргахад бэрх байдаг. Өөрийг чинь тэмцээнд явахад ямар байгууллага дэмжиж ажилладаг вэ?

Манай холбооны ерөнхийлөгч Х.Баттулга тэмцээнд явахад бүх тамирчдад дэмжиж тусалдаг. Мөн “БРИДЖ” группийн захирал н.Дорждэрэм, н.Ганзориг нарт намайг дэмждэгт нь их баярладаг. Мөн намайг өдий зэрэгтэй явахад хамгийн их нөлөөлсөн хүн бол миний Ц.Шийрэв. Багш маань надад зөвхөн барилдахын тухайд биш биеэ хэрхэн авч явахаас авахуулаад олон зүйлийг сургасан. Надад аав шиг минь л ханддаг.

-Танд амжилт хүсье.

О.ДАШНЯМ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу