-Танд баяр хүргэе. УАШТ-ний 4-дэх түрүүгээ авлаа. Үндэсний бөхөөр бол дархан аварга цолонд хүрлээ гэж зүйрлэж болох нь. Та сэтгэгдлээсээ манай уншигчидтай хуваалцана уу?

-Сайхан мэдрэмж төрж байна. Нэг мэдэхэд 4 түрүүлжээ. 4 түрүүлнэ гэж огт санаж байсангүй учраас сэтгэгдэл өндөр байна. Одоо бодоход өмнөх жилүүдэд алдаа гаргаагүй бол түүнээс олон түрүүлчих боломж байжээ гэж бас бодогдож байна. Урьд өмнө тоонд ач холбогдол өгч байсангүй. 4 түрүүлсэн чинь дээд амжилтад нэг л алхам л үлдсэнийг анзаарлаа. Энэ жилийн УАШТ-нд 150 орчим теннисчин оролцсон. Хөдөө орон нутагт зохион байгуулсан. Байр орчин солигдсон. Дасах шаардлага гарсан. Ширээний теннисний нэгэн шинэ үе олноороо хүч түрэн гарч ирснээрээ тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй, сонирхолтой болгосон. Хэн түрүүлэхийг хэн ч тааж мэдэхгүй байлаа.

-Таны хувьд УАШТ-ний анхны түрүүгээ 2005 онд авсан гэдэг. Хэдэн жил хичээллээд тэр амжилтад хүрсэн бэ?

-1999 онд Галбадрах багшийнхаа “Стар” клубэд орж, ширээний теннисээр хичээллэж эхэлсэн. 6 жилийн дараа, 17 настайдаа, нийслэлийн 84-р сургуулийн аравдугаар ангийн сурагч байхдаа түрүүлсэн. Тухайн үед шигшээд шалгарсан 8 тоглогч тойргийн журмаар тоглож, багшдаа хожигдож, бусад өрсөлдөгчидөө ялснаар анхны түрүүгээ авсан.

-УАШТ-ний хоёрдох түрүүгээ нэлээд хожуу авсан байх юм .

-Тэгсэн. 8 жилийн дараа. 2005 онд түрүүлснийхээ дараа БНХАУ-д суралцах болсон. Оюутан болсноор тенниснээсээ завсарласан. Теннисний “Том” Баяраа ахын ижил. Баяраа ах ид үе дээрээ Солонгос улсад суралцахаар явахдаа мөн 6 жил теннисээ орхисон байдаг. Түүний ижил 6 жил завсарласны эцэст их спортдоо эргэж ирсэн. 2011 онд шөвгийн наймд, 2012 онд шөвгийн дөрөвт үлдэж, 2013 онд хоёрдох түрүүгээ авсан. Гуравдахь түрүүгээ 2015 онд, дөрөв дэх түрүүгээ энд онд. 2005, 2013, 2015, 2017 . Эргээд харахад дандаа сондгой тоотой жилүүдэд түрүүлсэн байна.

-Тэгш тоотой жил төрүүлэх бодол төрөх юм уу?

-Санаа бол төрж байна. Тэгш тоотой жил нэг түрүүлчихвэл гэж бодогдох юм.

-Ширээний теннисны УАШТ-нд тав түрүүлсэн хүн нэг л байдаг. Тэр хүн зодог тайлсан. Тэгэхээр таны хувьд дахин хоёр түрүүлэх юм бол дээд амжилт тогтоох нь.

-Тогосын Болд гэж гайхалтай теннисчин тав түрүүлсэн рекордын эзэн. Гадаадад ажиллаж амьдардаг. Түрүүлэх болгонд минь баяр хүргэдэг. Дахин түрүүлээрэй гэж амжилт хүсдэг. Энэ жил дөрөв дэх түрүүгээ авахад олон хүн “Т.Болд аваргынхаа амжилтыг давтаарай” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн. Тав түрүүлнэ гэдэг амархан даваа биш. Гэхдээ нас, цаг хугацаа байна, хичээх болно оо.

Одоогоор Ширээний теннисны УАШТ-нд Цэдэнбалжир багш, Нэргүй агсан, үеийн нөхөр ОУХМ Алтантулгын хамт дөрөв түрүүлсэн амжилтыг хуваалцаж байна. Яг одоогоор амжилтаа ахиулах боломжтой нь Алтантулга бид хоёр.

-Энэ удаагийн УАШТ гурван төрлөөр зохиогдсон. Таны хувьд бусад төрлөөр үзүүлсэн амжилт гэвэл?

-Хосын төрөлд нэгэн үеийн тамирчин Батхишиг найзтайгаа хосолсон. Хамтдаа алтан медаль зүүсэн. Багийн төрөлд нэг үеийн нөхөр, улсын аварга Энхсайхан, дүү Лхагва-Эрдэнэ, найз Жавхлантөгсийн хамт “Архангай МонЛаа” багаас оролцож хүрэл медаль хүртсэн. Энэ ялдамд “МОН ЛАА” багийг бүрдүүлж, санхүүжүүлж, тамирчдаа бүхий л талаар дэмжиж байдаг багийнхаа эзэн Энхсайхан, Чинбаатар ах нартаа талархал дэвшүүлье.

-Тантай хамт орсон Батхишиг мастер УАШТ-нд 9 дэх түрүүгээ хүртсэн. Та хоёр өмнө нь ямар амжилт үзүүлж байсан бэ?

-Бид хоёр урьд өмнө нь хосолж байсан. Гэхдээ анх удаа хосоор аваргаллаа. Бэгз болон Баяраа нарын туршлагатай мастеруудын багийг буулгаж авсны хүчинд финалдсан. Эхний тойрогт л унах дөхсөн. Спортын мастер Бэгз, Мөнгөнцэцэг нарыг 2:0-ээр хожигдож яваад барьж хожсон.

-Ганцаарчилсан төрлийн тоглолтоос онцолбол?

-УАШТ олон улсын системээр зохиогддог. Тамирчдыг өнгөрсөн онд үзүүлсэн амжилтаар зэрэглэж, шилдэг 32-д үлдээдэг. Шилдэг 32 тамирчин доороос гарч ирэх теннисчидийг тосож байдаг. Тиймээс зэрэглэл өндөртэй тамирчид цөөн тоглолт хийдэг системтэй. Миний хувьд нийт таван тоглолт хийсэн. Хамгийн хүнд учраа маань 1/8-д таарсан спортын дэд мастер Чинзориг байсан. Тоглолт харилцан өгөө, аваатай, маш өрсөлдөөнтэй болсон. Зэрэгцээх 3 ширээнд 3 дэд мастер дуу дуугаа авалцан 3 аваргыг унагасан нь бидний тоглолтод нөлөөлж байсан. Эцсийн дүнд 3:2-оор би хожсон. Шигшээ дөрөвт нэг клубын дүү, дэд мастер Чулуудай, Эрдэнэбаяр, Батдэлгэр нартай үлдсэн.

-Аваргын төлөөх тоглолтынхоо талаар?

– Энэ жил Эрдэнэбаяр маш өнгөтэй байсан. Туршлагатай Бэгз мастерийг 3:0-ээр буулгаж авсан байсан. Сайн тоглосон. Миний хувьд контр өгөхгүй зорилго тавьсан. Түүндээ хүрсэн.

-Энэ жилийн хувьд залуу тамирчид олноор гарч ирлээ. Монголын ширээний теннисны холбооны үйл ажиллагааны талаар таны бодол?

-2017 оны улсын аваргын онцлог бол энэ юм. Залуучууд өөрсдийгээ зарлаж, олноороо хүч түрэн орж ирлээ. Эрэгтэй, эмэгтэй аль аль төрлийн шөвгийн 4-т залуучууд давамгайлсан. Дэд мастер Эрдэнэбаяр, Чулуудай, Батдэлгэр нар надтай, дэд мастер Должинзуу, Ундрам, Болор нар Батхишигтэй шөвгийн 4-д финалдсан. Хамгийн галзуу гэх тоглолтууд хагас шигшээд болсон. Үзэгчид аль тоглолтыг үзэхээ мэдэхээ болсон тухай сонссон. Асар өрсөлдөөнтэй, маш сонирхолтой тоглолтоор дүүрэн байсан. Монголын ширээний теннисны холбооны бодлого маш зөв явж байгаа нь үүнээс харагдаж байна. Мөн дасгалжуулагч нар тамирчнаа зөв системтэй бэлтгэж байгаагийн тод жишээ гэж хэлж болох юм.

-Таны хувьд шавь бэлдэж байгаа юу?

-Өөрөө тоглоод явж байгаа болохоор завдахгүй байгаа. Тоглохоо больсон хойноо багшлах бодол бол бий. Харин Дээд лигийн тоглолтын үеэр залуу тамирчдаа байнга дасгалжуулдаг.

-Таны анхны багш Галбадрах гэж та дурдсан ?

-Багш маань Монгол Улсын гурван удаагийн аварга. Одоо холбооныхоо ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэдэг. Ширээний теннисний хөгжил Галбадрах багштай минь салшгүй холбоотой. Галаа багш маань үйл хөдлөл, үгээрээ шавь нарыгаа байнга хурцалж байдаг. Миний хоёрдахь багш маань Өмнөд Солонгос улсын иргэн Пак Жи Хион гэж эрхэм бий. Би багш нараараа ямагт бахархдаг.

-Та олон улсын төвшинд ямар амжилт үзүүлж байсан бэ?

-Би долоон удаа ДАШТ-нд оролцож, Азийн аваргад 5 удаа, Оюутны универсиад наадамд 2 удаа оролцсон. Хамгийн өндөр амжилтт үзүүлсэн нь гэвэл Герман улсад зохиогдсон ДАШТ-ний 5 дугаар төвшний ангилалд багийн төрлөөр алтан медаль хүртсэн. Монгол улсын 4 удаагийн аварга Алтантулга 1-т ракет, 2-р ракетаар би, 3-р ракетаар улсын аварга Билигт, дэд мастер Баатарсүрэн, Батдэлгэр нар ээлжилж тоглосон. Алтантулга бид 2 тус бүр 2 тоглолт, 3-р ракет нэг тоглолт хийж байсан. Бид зонадаа түрүүлж, аваргын алтан медалийг эх орондоо авчирсан. Энэ бол дэлхийн аваргаас эх орондоо авчирсан хамгийн анхны медаль, тэр дундаа хамгийн анхны алтан медаль. Мөн дурсгалтай тоглолт бий. ОУХМ Бэгз ахын хамт хосолж, олимп, дэлхийн аварга Хятадын теннисчин Зан Жек, Ма лу нартай дэлхийн аваргад сугалаа таарч, тэднээс нэг парт салгаж (хожиж) байсан. Тэмцээн үзэж байсан хүмүүс босож зогссон, биднийг дэмжин баяр хүргэж байсныг санах сайхан байна. Нэг хожил авчихаад өөрсдөдөө ч итгэж чадахгүй байсан шүү.

-Монголын тамирчид олон улсын хэмжээнд ямар амжилт үзүүлж байсан бэ?

– 2001 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй тамирчид 61 дүгээр байрт орж байсан. Бидний хувьд ДАШТ-ний 5 дугаар зэрэглэлийн багийн төрөлд алтан медаль хүртсэн. Энэ бол том амжилт. Бид зэрэглэл ахиж одоо 3 дугаар зэрэглэлд тоглож байгаа. Эндээ амжилт үзүүлбэл зэрэглэл урагшлах боломжтой. Ширээний теннис олон оронд жигд хөгжсөн учраас өрсөлдөөн маш ширүүн байдаг. Манай холбоо Их хурлаа хийж, Холбооны тэргүүнээр Гантулга ах сонгогдсон. Их ажил хийхээр сэдэж буй. Олон улсын тэмцээнийг эх орондоо зохиохоор бэлдэж байна. Тамирчдаа бэлдэх бодлого нэвтрүүлж буй. Залуу тамирчдыг БНХАУ-д сургахаар болсон. Энэ бол маш их дэвшил авчрана гэж бид хүлээж буй.

-Яг одоогоор та 7 хоногийн хэдэн өдөр бэлтгэл хийдэг вэ?

-Өдөр бүр хийж амжихгүй байна. Гэхдээ формоо алдахгүйн тулд долоо хоногийн 3-4 өдөрт 2-4 цаг орчим л бэлтгэл хийдэг. Томоохон тэмцээн уралдаан дөхөөд ирэхээр аяндаа ачааллаа нэмдэг.

-Бусад цагаараа юу хийдэг вэ?

-Миний хувьд оюутан байхаасаа эхлээд компани байгуулж, биеэ дааж ажиллаж ирсэн. Одоогоор 2 компанитай, нэг нь БНХАУ болон Япон улс руу оюутан зуучилдаг сургалтын төвтэй. Хоёрдох компаниа ширээний теннисний олон улсын шүүгч Мөнхбилиг найзтайгаа хамтарч байгуулсан. Энэ компани маань 3 төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Эхнийх нь оюутнуудын дунд лекц уулзалт зохиох, хоёрдох нь видео контентыг хийж үйлдвэрлэж байгаа. Гуравдугаар нь сар орчмын өмнө Sportlife.mn гэсэн спортын портал сайт нээсэн. Залуучууд дуулсан байх. Nous-ийн өглөөний 06:45 лекцийг.

-Ирэх жилийн улсын аваргыг хэрхэн төсөөлж байна вэ?

-Таагдашгүй. Өмнөх жилүүдэд түрүүлэх тамирчинд ердөө л 3 тамирчныг л нэрлэдэг байв. Тэгээд тэр 3-ын нэг нь түрүүлдэг байсан гэж хэлж болно. Энэ жилээс энэ бүхэн эвдэгдсэн. Хэн нь ч түрүүлж мэдэх 8 тамирчин бий болсон. Тиймээс ганцхан зүйлийг баттай хэлж чадна. Ирэх жилийн аварга шалгаруулах тэмцээн асар их өрсөлдөөнтэй болно.

-Баярлалаа. Таны спортын болон бизнест амжилт хүсье.

-Баярлалаа. Намайг дэмждэг бүх хүмүүст, надад баяр хүргэсэн дэмжигчиддээ талархал илэрхийлье.

Эх сурвалж : MNB / Cпортын онцлох зочин /

Ярилцлагыг буулгасан О.ДАШНЯМ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу